Нутгийн шийдэл ТББ-ын хөрөнгө босгох кампанит ажил
ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ!
ХУУРАЙ ЖОРЛОН ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?
Капитрон банк Эко жорлонгийн зээлийн бүтээгдэхүүн гаргахдаа Нутгийн Шийдэл ТББ-тай хамтран ажиллаж байна. Эко жорлонгийн зээл нь одоогийн хэрэглэж буй цэвэрлэх боломжгүй, байгальд хортой, үнэртэй муу жорлонг байгальд ээлтэй, аюулгүй, цэвэрхэн, Монголчуудын төлбөрийн чадварт болон манай улсын хатуу ширүүн уур амьсгалд нийцсэн хуурай жорлонгоор өөрчлөхөд туслах юм.
Капитрон банк нь 2001 оноос эхлэн Монголын санхүүгийн зах зээлд ажиллаж буй арилжааны банк билээ. Тус банкны нийгмийн хариуцлагын нэгэн чиглэл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монголчуудаа дасан зохицоход нь туслах явдал юм. Капитрон банкны зүгээс Эко жорлонгийн зээлийг гэр хорооллын иргэдэд хүргэхэд эхний ээлжинд 500 сая төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар зорьж байна. Ингэснээр иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, эрүүл мэндэд тустай, байгальд хор хөнөөлгүй, аюулгүй жорлонг байгуулах боломж бүрдэж, гэр хорооллын иргэдийн амьдралын чанарт нэн даруй дэвшил гарах бөгөөд мөн түүнээс ч илүү өргөн хүрээний сорилт бэрхшээлийг даван туулах гарц болж чадна хэмээн үзэж байна.
1. Хот суурингийн бохирын шугам сүлжээг багасгаснаар нүүрс шатаах хэмжээг багасгаж чадна
Монгол орноо тойрон “Жорлонгоо өөрчилье” сургалтыг хийх явцдаа манай багийнхан хамгийн хүйтэн цаг агаартай нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очсон юм. Тус сум нь 2014 онд Засгийн газраас дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулж таван тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байсан бөгөөд энэхүү мөнгөөр цэвэрлэх байгууламж байгуулж бохир, цэвэр усны шугам хоолой татсан байлаа. Мөнгө нь халаалтын сүлжээ байгуулахад хүрэлцээгүй тул тус сум цэвэрлэх байгууламж, усан сан, худаг, бохир, цэвэр усны шугам хоолой барьснаар санхүүжилтээ дуусгасан байв. 2018 оны гуравдугаар сард биднийг очиход бохир усны шугам хоолой өвлийн -52 хэмийн хүйтэнд нэгэнт хөлдөж ажиллахгүйд хүрсэн тул хэдхэн жилийн өмнө Засгийн газраас өгсөн их хэмжээний санхүүжилт үргүй зардал болсон байлаа.
Тосонцэнгэлээс бусад суурин газарт Монголын тэсгим хүйтэн өвлийг дааж чадахуйц байдлаар шугам сүлжээгээ арай өөрөөр бүтээн байгуулсан байдаг. Бохир, цэвэр усны шугам хоолойг гурав дахь хоолой дагалддаг бөгөөд энэ нь халаалтын шугам юм.
Монгол орны хот суурингуудад байгуулагддаг төвлөрсөн халаалтын шугам хоолойнууд их хэмжээний дулааныг замдаа алдахаар төлөвлөгдсөн байдаг. Учир нь дулааны хоолойн нэгэн чухал үүрэг бол цэвэр, бохир усны шугамыг хөлдөөхгүй дулаацуулж байх! Ийм ч учраас, дулааны шугамын эх үүсвэр нь илүү их илчлэг дулааныг үйлдвэрлэж байх ёстой, бас шугам хоолой замдаа хөрч бүлээсэхэд эцсийн хэрэглэгчийн хэрэгцээг хангах хэмжээний дулааныг бий болгохын тулд халаагч бойлеруудыг суурилуулж өгсөн байх хэрэгтэй болдог. Өвлийн хөлдөлтөөс шугам сүлжээг хамгаалах гэдэг нь ийнхүү их хэмжээний нүүрс шатаах үр дагаврыг бий болгоно.
Харин шугам сүлжээнд холбогдоогүй, төвлөрсөн бус жорлон нь улсын төсвөөс төвлөрсөн сүлжээнд зориулсан их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардахгүйгээс гадна, их хэмжээгээр нүүрс шатаах шаардлагагүй болгосноор цахилгаан, усыг хэмнэж чадна.
2. Говийн хуурай жорлон байгалийн хийн ялгарлыг багасгаж байна
“Жорлонгоо өөрчилье” сургалтынхаа үеэр манай улсын цаг агаарын эрс тэс нөхцөлд олон жилийн турш амжилттай ажиллаж чадсан жорлонг бид хайж, олж, сурталчилж байсан билээ. Нэгэн тийм жорлонгийн загварыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод иргэн Хумбаагийн Түмэндэлгэр бүтээсэн байсныг бид түгээн дэлгэрүүлэхээр шийдсэн юм.
Түмэндэлгэрийн бүтээсэн жорлон долоон жилийн турш говийн хуурай цаг агаарт амжилттай ажиллаж чадсан бөгөөд тэрхүү жорлонгийн хамгийн чухал шийдэл нь говийн хуурай цаг агаарыг давуу тал болгон ашигласан агааржуулалтын сайн систем байв. Жорлонд биологийн задрал явагдахгүй бөгөөд харин хуурай агаар, говьд их хэмжээгээр олддог элс, үнс зэргийг ашиглан шууд хатаах аргаар ялгадас дахь нянг үржих боломжгүй, үнэргүй болгоно. Ингэснээр энэ жорлонгоос био задралын ялзмагшилтын үед ялгардаг метан хий гарахгүй юм.
Говийн энэхүү хуурайшуулагч жорлонг Нутгийн Шийдэл “Эко жорлонгийн болзол хангасан жорлон” гэж үзсэн бол, Капитрон банк “Эко жорлонгийн зээл олгох боломжтой нэг хувилбар” хэмээн дэмжиж байгаа юм.
3. Төлбөрийн чадварт нийцсэн жорлон нь нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эмнэлгийн байгууллагад үүсэх ачааллыг багасгаж чадна
Жорлонгоос үүдсэн өвчлөл манай улсын эмнэлгүүдэд маш их ачаалал бий болгодог. Жил бүр гэдэсний халдварт өвчин, шар өвчин, хөл гар амны өвчин зэрэг жорлонгоос гаралтай өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Айл өрхүүд олсон орлогоо эмнэлэг, эм тарианд зарцуулж, зардлаа дийлэхгүйд хүрч байгаа нь муу жорлонтой ихээхэн холбоотой.
Хуурай жорлонг зөв технологийн дагуу төлбөрийн чадвартаа нийцүүлэн байгуулаад зөв ашиглаж сурсан хэрэглэгч нь ирээдүйд гарах эрүүл мэндийн зардлаа ихээхэн хэмнэж чадах юм. Тэр хэмжээгээр эмнэлгийн ор ч хэмнэгдэх билээ. Эмнэлгийн ор хэмнэнэ гэдэг бол ус, цахилгаан, бохирын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ачаалал болон нүүрс шатаах хэрэгцээ шаардлага багасаж хэмнэгдэнэ гэсэн үг.
4. Хуурай жорлон нь эко-халаалтын бизнесийг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулна
Шууд харахад анзаарагдамгүй ч, хуурай жорлонгийн шийдэл нь Монголын нөхцөлд өөр нэгэн эерэг өөрчлөлтийг дагуулж байна. Хуурай жорлонг дэмжсэнээр төвлөрсөн бус халаалтын систем, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан ус халаагуур, шугам сүлжээ ашигладаггүй төвлөрсөн бус шийдлүүдэд зах зээлийн боломж нэмэгдэж байна. Нутгийн Шийдэл сургалтуудаа орон даяар зохион байгуулж байх явцдаа суралцагчдад олон төрлийн жорлонгийн технологийг танилцуулсан бөгөөд бидний сургалтын үеэр зарим компаниуд гэр хорооллын оршин суугчдад агаарын бохирдолгүй халаалтын системүүдийг санал болгож байсан юм.
Хэрэв монголчууд орон нутгийнхаа онцлогт тохирсон сайн жорлонг сонгож хэрэглэж чадахгүй бол иргэдийн сайхан амьдрах мөрөөдөл, одоогийн амьдрах орчин хоёрыг холбох цорын ганц гарц нь асар их хэмжээний хөрөнгө оруулалт, ус, цахилгаан, нүүрс шаарддаг хувилбар буюу төвлөрсөн шугам сүлжээний зохион байгуулалт л байх билээ. Ийм төвлөрсөн дулааны сүлжээ, бохирын сүлжээ нь одоогоор инженер бэлтгэх сурах бичиг, засгийн газраас батлах стандарт, төр засгийн төлөвлөгөө төсөвт тусгагддаг ганц гол хувилбар болсон байгаа юм.
Нутгийн шийдэл ТББ нь Засгийн газар, бизнесийн байгууллагуудтай хуурай жорлонгийн стандартыг олон хувилбартай болгох талаар хамтран ажиллах болно.
Капитрон банкны зүгээс эко жорлонгийн зээл гаргахаар болж байгаа нь хуурай жорлонг дэмжихэд нэн чухал алхам болж байна. Хэрэглэгч өөрөө жорлонгийн технологио сонгох нь эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй төдийгүй найдвартай, тохь тухтай сонголт хийж, хэт их хэмжээний өр зээл, хөрөнгө оруулалт шаардсан шийдэл хөөхгүйгээр эко халаалт, эко усан хангамжийг хөгжүүлэх боломжтой юм.
5. Хуурай жорлон нь усны нөөц хязгаарлагдмал байдалтай дасан зохицоход Монголчуудад туслана
Дэлхийн дулаарлаас үүдэн Монголд гарч буй нэгэн шууд үр дагавар нь гадаргын усны хомсдол юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны усны тооллогын дүнгээр 774 булаг шанд, 263 гол горхи, 346 нуур усгүй болсон нь бүртгэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдэд олон гол нуур, булаг шанд ширгэж алга болсон ба цөлжилт ихээхэн тэлж улсын газар нутгийн 80 орчим хувийг хамарчээ. Одоогоор манай улсын хүн амын 75 хувь нь усны нөөц хязгаарлагдмал газарт оршин сууж байна. Усны хомсдол ихтэй говь нутагт эдийн засаг тэлж, уул уурхай цэцэглэн, багахан усны нөөцийг нь урьд өмнө байгаагүй их хэмжээгээр ашиглаж байна.
Энэ нөхцөлд говь хээрийн хуурай бүсэд хуурай жорлонг дэмжих нь чухал төдийгүй дэлхийн дулаарал, усны хомсдолын цаг үед дасан зохицох боломжийг хүмүүст олгох билээ.
6. Хуурай жорлон мод тарихад тусална
Нутгийн шийдэл ТББ-ын сургалтын явцад иргэд хуурай жорлонгийн таван загварыг хамгийн ихээр дэмжсэн бөгөөд тэдгээрийн хоёр нь био задралын аргаар ялгадсыг аюулгүйжүүлдэг бөгөөд нэг нь шээсийг салгаж шингэн бордооны түүхий эд болгох хувилбар байв. Манай сургалтанд оролцсон олон хүн био бордооны тухай анх удаа сонсож байсан юм. Тэд хуурай жорлонг зөв байгуулснаар био бордоо гарган авч, хуурай говь тал нутагтаа мод тарьж болно гэдгийг ойлгон жорлонгоо өөрчилж мод тарихаа амлаж байсан билээ. Нутгийн Шийдэл нь цаашид ч Капитрон банкны Эко жорлонгийн зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд дэмжин оролцож, зээлдэгч нарт мод тарих урам сэдлийг бий болгохыг зорьж байна.
Монгол орны хүн амын 66 гаруй хувь нь жорлон байгуулахад мөнгө төлж байсангүй. Тэд жорлонгоо цэвэрлэх, хоослох үйлчилгээнд ч мөнгө төлж сураагүй юм. Жорлон гэдэг үгийг ярих, бичих, хэлэлцэх нь хориотой мэт байж ирснээс ажил хэрэгт ч, бизнест ч, нийгмийн хэлэлцүүлэгт ч, хөршүүд нөхөрлөлүүд ч энэ үгийг ашиглахаас цэрвэдэг байлаа. Тэгсэн хэрнээ хөрсний бохирдлын талаар нийгэм даяар олон жил ярьж, хэлэлцэж, асуудал тулгамдаад буйг хүн бүхэн харж байв. Ариун цэврийн үйлчилгээ нь зөвхөн хот суурин газруудын шугам сүлжээнд холбоотой хэсэгт л хамаатай мэт байж ирэв. Банкууд хэзээ ч жорлонг өөрчлөхөд зээл гаргаж байсангүй. Гэвч энэ бүхэн одоо өөрчлөгдөж байна.
Шинэ эхлэлийг дэмжих цаг ирлээ. Жорлонг санхүүжүүлэх шинэ зээл, хотын талаарх бидний хөшүүн төсөөллийг өөрчлөх өөрчлөлтийг дэмжих цаг болжээ. Жирийн нэгэн хуурай эко жорлон Монголчууд бидний хэт их хөрөнгө оруулалтад дулдуйдан хөгжих гэсэн үрэлгэн тогтолцоотой тэмцэх чадвартай юм. Түүний тусламжтайгаар бид хэт өндөр өртөг, зардалтай төвлөрсөн системийнхээ хажуугаар уян хатан, байгальд ээлтэй, төвлөрсөн бус шийдлүүдэд орон зай гарган өгч чадна.
©2018 Local Solutions